Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

"Үүлийг танин мэдэх нь" ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Питтери Тааласийн илгээлт

Шинэчлэгдсэн: 2024-10-10 12:56:50

Дэлхийн энергийн баланс, уур амьсгал болон цаг агаарын тэнцвэрт байдлыг зохицуулахад үүл голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг эрдэмтэд тогтоогоод байна. Үүл нь Дэлхийн усны эргэлт ба уур амьсгалын систем бүрэлдэн тогтоход өөрийн гэсэн хувь нэмрээ оруулдаг. Үүлийг танин мэдсэнээр цаг агаарыг урьдчилан мэдээлэх, ирээдүйн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг загварчлах, усны нөөцийн хүрэлцээг тооцоолон гаргах боломжтой болдог.      

Олон зууны туршид шинжлэх ухаан болон урлагийн бүтээлд үүлнээс гадна цөөхөн тооны байгалийн үзэгдэл л тусгалаа олсон байдаг.  

Хоёр мянга гаруй жилийн өмнө Аристотель үүлийг судалж, гидрологийн мөчлөгт түүний гүйцэтгэх үүргийн талаар бичсэн ба 19 дүгээр зууны эхэн үед Англи улсад амьдарч байсан цаг уурч Лук Ховард үүлний анхны ангиллыг хийсэн байна.

Ховард 1801-1841 онуудад Лондон хот орчимд цаг агаарын ажиглалт хийж, түүн дээрээ үндэслэн үүлийг бөөн үүл, давхраат үүл, сэмжин үүл гэж гурван үндсэн төрөлд ангилсан байна. Цаг агаар, уур амьсгалын судалгаанд үүлний төрөл, түүний тодорхойлолт болон нэр нь чухал ач холбогдолтой байдаг.

Урлаг ба яруу найраг

Үүлийг бэлгэдэл болгож дэлхийн олон орны уран бүтээлчид, түүний дотор яруу найрагчид, хөгжимчид, гэрэл зурагчид уран бүтээлээ туурвисан байдаг. Зөвхөн нэг жишээ дурдахад Дебюссийн “Үүл” нэртэй нэгдүгээр найрал хөгжим нь сэтгэмжийн  урлагийн шилдэг бүтээлүүдийн нэгд орсон байдаг. Энэ жилийн хувьд Дэлхийн цаг уурын өдрийг "Үүлийг танин мэдэх нь” сэдвийн дор тэмдэглэж байна. Гэрэл зурагчид үүлний зургийг маш сонирхон авдаг бөгөөд ДЦУБ-ын 2017 оны хуанли хийхэд тэд ихээхэн хувь нэмрээ оруулсан ба Үүл нь бодит урлагийн тусгалын хэсэг, сэтгэлгээний загвар болсон байдаг. Жишээ нь БНХАУ-д “Ээлтэй үүл буюу ямар нэгэн сайн юмыг зөгнөсөн үүл”-ээр тэнгэр огторгуй болон аз хийморийг төлөөлүүлдэг. Зарим үндэстний хэлэнд “Түүний толгой үүлэн дээр байна” гэж бүтэшгүй мөрөөдөл, үзэл санаанд автагдсан хүнийг хэлдэг байна. Орчин үед "Үүл" гэж агаар мандлын ус, бороо биш, харин интернэтийн нөөц ба тоон нэгдлийг агуулсан хэлбэршээгүй орон зайн нэгээхэн хэсэг гэсэн утгыг илэрхийлэх болжээ.

Тоон технологит шилжих нь: Интернетийн эрин үеийн Үүлний атлас

Олон улсын Үүлний атлас нь үүлийг тодорхойлоход баримталдаг цорын ганц иж бүрэн лавлагаа бөгөөд үүл сонирхогчдын хувьд ихээхэн үнэ цэнэтэй материал болдог.

Одоо ашиглаж байгаа атласыг анх 19 дүгээр зууны сүүлчээр хэвлэн гаргасан ба үүлний зураг, стандарт болон бусад зарим цаг агаарын үзэгдлийг харуулсан байдаг.  

Хамгийн сүүлд 30 жилийн өмнө хэвлэгдэн гарсан атласыг бүрэн шинэчилж боловсронгуй болгосон хувилбарыг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр буюу Дэлхийн цаг уурын өдрийг тохиолдуулан гаргах гэж байна.

2017 онд хэвлэгдэн гарч буй үүлний атлас нь анх удаа тоон системд шилжсэн бүтээгдэхүүн болж онлайн хэлбэрээр гарах юм. Энэхүү атласт хэдэн зуун үүлний үнэлж баршгүй дүрсний үнэт цуглуулга орсон ба тухайлбал “volutus” буюу ороомог хэлбэрийн онгоцны мөр (заримдаа онгоцны үлдээдэг уурын өтгөрөлтийн үүлэн мөр), “asperitas” буюу долгиолог доворхог үүл зэрэг хэд хэдэн үүлний ангилал нэмэгдэн орж байна. Үүнээс гадна энэхүү үүлний атласт цаг уурын бусад үзэгдлүүд болох солонго, бага хүрээ, цасан хуй, мөндрийн талаарх чухал мэдээллүүд орсон болно.

Шинжлэх ухаан, технологи, гэрэл зургийн салбарт гарсан дэвшил болон цаг уурчид, үүл судлаачид, ажиглагчид, гэрэл зурагчдаас ирүүлсэн үүлний зургуудыг ашиглан Дэлхийн Цаг уурын Байгууллага үүлний атласыг шинэчлэх, боловсронгуй болгох асар их хүн, хүч шаардсан томоохон ажлыг хийж дуусгалаа.

Энэхүү Атлас нь цаг уурын салбарын болон хувийн компаний ажилчид, нисэх болон усан онгоцны салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд зориулсан чухал сургалтын хэрэгсэл болох юм.

ДЦУБ-ын гол зорилго нь цаг агаар, уур амьсгалын үзэгдлийг танин мэдсэнээр хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, байгаль цаг агаарын нөлөөллийг тэсвэрлэх чадамжийг дээшлүүлэхэд чиглэгдэж байдаг. Бид хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, шийдвэр гаргахад нь улс орнуудын Засгийн газарт цаг агаар, уур амьсгал, гидрологи, далайн болон хүрээлэн буй орчны талаарх мэдээлэл, үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх болно.