Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны зуншлагын тойм
Цаг агаарын нөхцөл: Агаарын температурын дундаж 6,7,8 дугаар саруудад нийт нутгаар 15-20 градус дулаан байлаа. Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал 6,7 сард дунджаас 1,5-2,0 градусаар дулаан, 8 дугаар сард дунджийн орчим, Жаргалант суманд дунджаас 3,0-5,0 градусаар дулаан байлаа.
Нийт нутгаар агаарт 30 градусыг давж 6 сард 1-5 өдөр, 7 дугаар сард 2-8 өдөр, 8 дугаар сард 30 градусыг давж халаагүй. Жилийн хамгийн их халуун нь 6 дугаар сард ажиглагдаж 30,3-32,0 градус хүрч халсан.
Хөрсний гадаргын дундаж температур 6,7 дугаар сард 24-27 градус дулаан, 8 дугаар сард 21-24 градус дулаан. Хөрсний гадарга дээр өдөртөө 6 дугаар сард 59-67 градус хүрч 20-24 өдөр, 7 дугаар сард 60-68 градус хүрч 19-22 өдөр, 8 дугаар сард 49-54 градус хүрч 19-25 өдөр халсан байна.
Энэ зун Баян-Өндөр суманд 134,3 мм, Жаргалант суманд 170,1мм хур тунадас орсон. 6-8 дугаар саруудад орсон тунадасыг олон жилийн дундажтай харьцуулбал Жаргалант суманд 7 дугаар сард дунджаас бага тунадастай, бусад саруудад нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орсон байна. Зуны улиралдаа аадар бороо 33-41 өдөр, бороо 22-26 өдөр орсон байна.
Нийт сумпын нутгаар зуны улиралдаа салхины дундаж хурд 2,1-2,5м/с, хамгийн их хурд нь Баян-Өндөр суманд 16-20м/с хүрсэн ба 10м/с-ээс дээш салхитай 8-17 өдөр байв. Жаргалант суманд 10-14м/с хүрсэн ба 10м/с-ээс дээш салхитай 4-8 өдөр тус тус ажиглагдсан. Аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилаагүй. 6,7 сард нөөлөг салхиар нийт 2 удаа цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна. 8 сард аюултай үзэгдэл ажиглагдаагүй.
Зуншлага: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгаар хаврын сүүлчээр дунд үнэлгээтэй байсан. 5 дугаар сард хүйтэн байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширалтай байсан ч 6 дугаар сарын дундаас эхлэн зуншлага сайжирсан. Ургамлын дундаж өндөр 6 дугаар сард 7-13см, 7 дугаар сард 10-16см, 8 дугаар сард 9-19см хүрсэн. Бэлчээрийн ургамлын ургац 6 дугаар сард 1,1-1,2 ц/га, 7 дугаар сард 1,7-5,1 ц/га, 8 дугаар сарын 25-ны байдлаар 1,1-6,3 ц/га байв. Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 6-8 дугаар сард нийт нутгаар хэвийн зуншлагатай, зуншлагын байдал сайн байлаа. Зуншлага хэвийн байсан хэдий ч 06 дугаар сард халалт ажиглагдаж зарим үет ургамалд үе шат удаашралтай явагдаж ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь нэгжийн ургацад нөлөөлж байна.
2019-2020 оны Өвөл-Хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн: Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзэхэд Орхон аймгийн Баян-Өндөр сум бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн байна. Зуншлага сайн байсан ч зарим газраар нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.
Өвөл-хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй.
Мэдээ бэлтгэсэн: ХААЦУ-ын технологич инженер Д.Оюунбат