Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ОРХОН АЙМГИЙН 2023-2024 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН ТОЙМ МЭДЭЭ
Агаарын температур: Орхон аймгийн нутгаар 2023 оны 11 дүгээр сард агаарын температурын дундаж нь -8,7...-9,9 градус, 12 дугаар сард -16,0...-20,3 градус хүйтэн, 1 дүгээр сард -14,1...-18,9 градус хүйтэн, 2 дугаар сард -16,8...-18,1 градус хүйтэн байв. Нийт нутгаар агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулан үзэхэд 11 сард дунджаас 1-3 градусаар хүйтэн, 12 дугаар сард 2-4 градусаар хүйтэн, 1 дүгээр сард 2-3 градусаар дулаан, 2 дугаар сард 1-3 градусаар хүйтэн байв. Жаргалант суманд агаарт 30 градусаас доош орж 12 сард 16 өдөр, 2024 оны 1 сард 6 өдөр, 2 сард 15 өдөр /хамгийн хүйтэн -39,8 градус/ хүйтэрсэн байна. Баян-Өндөр суманд агаарт 30 градусаас доош орж 12 сард 2 өдөр, 2 сард 2 өдөр /хамгийн хүйтэн -32,3 градус/ хүйтэн байв. Жаргалант суманд 30 градусаас доош орж 37 өдөр, Баян-Өндөр суманд 4 өдөр хүйтэрсэн.
Хур тунадас: Нийт нутгаар 11 сард 8,0-12,4мм, 12 сард 6,4-6,8мм, 2024 оны 1 сард 3-5,6мм, 2 сард 6,1-7,9 мм хэмжээтэй цас орсон ба бүх саруудад олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй хур тунадас орсон байна. Энэ өвөл цас орсон хоногийн тоо 44 хоног бөгөөд 11 сард 15 өдөр, 12 сард 10 өдөр, 1 сард 12 өдөр, 2 сард 7 өдөр цас оржээ.
Салхины их хурд: Салхи үе үе 10-17 м/с хүрч салхилсан ба 10м/с-ээс их салхитай өдрийн тоо Баян-Өндөр суманд 33 өдөр, Жаргалант суманд 25 өдөр ажиглагдав.
Цасан бүрхүүл: Нийт нутгаар 2023 оны 11 дүгээр сард тогтвортой цасан бүрхүүл тогтож эхэлсэн. 2024 оны 2 дугаар сарын 30-нд хээрийн цасны хэмжилтийн талбайд тодорхойлсон дүнгээр дундаж зузаан 15-17 см, нягт нь 0,16-019 г/см3 , хунгар газраа 25-50 см цастай байв.
Жаргалант суманд 11 дүгээр сарын 3-нд, 11 сарын 4-нд нийт нутгаар, 11 сарын 22-нд Жаргалант суманд , 12 сарын 4-нд нийт нутгаар, 12 сарын 7-нд Баян-Өндөр суманд, 1 сарын 3-нд нийт нутгаар, 2 сарын 12,16-нд нийт нутгаар цасан шуурга шуурсан. Нийт нутгийг хамарсан 7 удаагийн цасан шуурга болж энэ үеэр зам даваа хаагдаж, малын бэлчээрлэлт саатсан.
Зудын үнэлгээ: Засгийн Газрын 2015 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан зудын байдалд үнэлгээ хийх журмын дагуу зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд нийт нутгаар 2024 оны 1 дүгээр сарын 20-ноос эхлэн цагаанаар зудархуу нөхцөл үүссэн байна. Сүүлийн жилүүдээс 2016, 2017 онуудад зудтай буюу зудархуу нөхцөл байдалтай, бусад жилүүдэд өвөлжилт хэвийн байв.
Энэ жил бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, бэлчээрийн талбай багатай, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муутай зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цасны зузаан ихтэй, 12 сар болон 2 дугаар сард 30 градусаас доош хүйтэн олон хоногоор ажиглагдсан нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Орхон аймаг нь нийт 994 малчин өрх, 386 мал бүхий өрхийн 175329 толгой мал тоологдон өвөлжиж байна. Манай аймаг хадлангийн талбай байдаггүй учраас малчид хөрш аймаг, сумдаас хадлан тэжээлээ бэлтгэдэг онцлогтой. Аймгийн хэмжээнд өвөлжилт хаваржилтийн бэлтгэл хангаж Баян-Өндөр сум өвс 80т, тэжээл 25т, Жаргалант сум өвс 70 т, тэжээл 10т, аймгийн аюулгүйн нөөцөнд өвс 50 т, тэжээл 51 тн нөөцөлж хадгалсан. Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах зориулалт бүхий бэлчээрт ашиглаж байгаа 77 худгууд хүрэлцээтэй, хэвийн ажиллагаатай усан хангамж сайн байна. Цаг агаарын тааламжгүй нөхцлийн улмаас 2225 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Цаашид мал төллөх үе, 3 сарын сүүлээр цас нэмж орох, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул малын хорогдол нэмэгдэх төлөвтэй байна.
Мэдээ бэлтгэсэн:
ХААЦУ-ын технологич инженер Д.Оюунбат
2024.03.14