Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Зудын эрсдэлийн мэдээ


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг боловсруулан гаргадаг.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашиглаж байна.
2017 оны зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байна.
7 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд гандуу, 10 гаруй хувьд гантай байлаа.
11 дүгээр сарын 10-ны байдлаар нутгийн 50 орчим хувьд цастай байгаагаас Завхан, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Дорноговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0-10 см зузаан, нягт нь 0,10-0,28 г/см3, Баян-Өлгийн Даян /Сагсай/, Хөвсгөлийн Галт, Архангайн Хашаат, Булганы Рашаант, Төвийн Эрдэнэ, Баянжаргалан, Мөнгөнморьт, Хэнтийн Баянмөнх, Цэнхэрмандал, Дорнодын Халхгол сумдад 11-20 см зузаан, нягт нь 0,10-0,27 г/см3, Өвөрхангайн Бүрд, Булганы Дашинчилэнд 30-33 см зузаан цастай, 0,12-0,30 г/см3 нягттай байна.
Энэ намар нойтон цас орсон, зарим газраар борооны дараа орсон, өдөртөө хайлмагтаж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй байгаагаас бэлчээр мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг онцлогтой байгааг анхаарах хэрэгтэй юм.
Холбоотой мэдээний жагсаалт
